Даншиг наадмын түрүү бөх 117 жилийн дараа Булган нутгаас төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-30 09:29:14

Булган, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Даншиг наадмын 9 түрүүг авсан алдарт Намхай аварга хамгийн сүүлд 1908 онд түрүүлснээс хойш 117 жилийн дараа Булган нутгаас Даншиг наадмын түрүү бөх тодорч байна.


"Нийслэлийн иргэдийн өдөр, Хүрээ цам-Даншиг наадам 2025"-ын үндэсний 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат "Сүлд" спорт хороо, Нью Майнд групп, "Булган хан" дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Тэргэн нүүр" ХХК, Завхан даян дэвжээний бөх, улсын гарди Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.


Дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, "Жигүүр гранд" ХХК, Булганхан дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК, Нэгдэл клуб, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.


Даншгийн түрүү бөх Дэлгэрсайханы Амарсайхан

"Хүрээ цам-Даншиг наадам 2025"-ын их шөвөгт Булган хан дэвжээнээс улсын заан, улсын начин хоёр шалгарч үлдлээ. Даншгийн арслан хэмээх цолонд хүрч буй Дэлгэрсайханы Амарсайхан нь 2023 онд Ерөнхийлөгчийн цомын түрүү, 2024 онд 3 удаа үзүүрлэж, 5 удаа их шөвөгт үлдсэн хурд хүч, авхаалж самбаа сайтай залуу бөх юм.


Тус барилдаанд Тува улсын 4 бөх, Солонгос улсын 3 бөх барилдсан бөгөөд Тува улсын заан, Монгол улсын аймгийн заан, Монгуш Айдын хоёр, Тува улсын аймгийн заан Шириж Түмэт Тува улсын сумын заан Доржу Александр нэг давжээ.


Анхны даншиг наадам

XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бат оршил өргөх даншиг наадмыг анхлан зохион байгуулсан түүхтэй. Энэ даншиг наадамд монголчууд тэр аяараа оролцож байсан тухай судлаачид дурдсан нь бий.


Даншиг гэдэг нь төвөд үг бөгөөд монголчилбол Бат оршил гэсэн утгатай. Даншиг наадмын зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөх юм. Энэ үед Халх ионголчууд долоон хошуунаас өргөх даншиг наадам нь долоон хошуу даншиг наадам болжээ.

Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд хийсэн түүхтэй.


Даншиг наадмыг хэрхэн зохион байгуулдаг байв

13000 лам номын хөг, дууны аяар довцог /жижиг толгой/ дээр дөрвөн босоо дүрст арслангаар түшүүлсэн ширээнд Өндөр гэгээнээ залж хурал хурдаг байжээ. Хурлын утга нь "Гэгээн энэ махбод биеэ огооролгүй өглөгийн эздээ бүү өнчрүүлэх болтугай” гэж ерөөж залбирал үйлддэг байв.

Гэгээндээ зориулж мөнгөн таваг дээр цагаан мөнгө, торгон эд, эрдэнийн чулуу тэргүүтнээр тахил өргөнө. Даншиг наадмын утга бол монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болгодог байжээ.


Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай /бай/ харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан байна.


Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байжээ. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн явуулдаг бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ. Даншиг наадмын бай шагнал Их насны мориноос түрүүлсэн моринд атан тэмээ нэг, морь нэг, хонь нэг, самбай хадаг өгдөг байжээ. Сурын харваанд 20 сумнаас 20 онож түрүүлсэн хүнд тэмээ нэг, морь нэг, үхэр нэг, хонь нэг, цай хоёрыг өгдөг байжээ.


Даншгийн ах дүү дархан аварга Ш.Лувсанжамба Ш.Намхай

Шагдарын Намхай буюу Сандаг-Очир аварга нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харьяат бөх. Одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутгийн бөх. 1870 онд төрсөн.


Түүний эцэг Шагдар нь 1852 оны уул тайлгын наадамд 5 даван шөвгөрч байсан, Шонхор цолтой бөх байжээ.


Шагдар шонхор 3 хүүтэй. Том нь Жадамба, дундах нь Лувсанжамба, бага нь Намхай билээ. Жадамба бол морь сайн уядаг хүлэгч хүн байсан гэдэг. Лувсанжамба нь 1901 оны их даншигт түрүүлж байсан дархан аварга хүн юм.


Намхай хүү анх 1892 оны уул тайлгын наадамд ирж барилдаад Богдын шавийн бөх Гонгоржав заанд буулгуулж үзүүрлэн заан цол, 1893 оны их даншигт 11-ийн даваанд Богдын шавь Ламжав арсланд буулгуулж үзүүрлэн арслан цол хүртээд байлаа. Тэрээр 1895 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд улмаар 1896 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг хаяж түрүүлэн даян аварга цол, 1897 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг дахин хаяж түрүүлэн дархан аварга цол хүртсэн байна.


Намхай аварга их даншигт 9 удаа, бага даншигт 2 удаа, уул тайлгад 8 удаа нийт монгол наадамд 18 удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 1908 онд их даншигт түрүүлж байжээ







相关新闻