БУЛГАН: Чин ван Ханддоржийн тоглож байсан модон шатар
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Чин ван Ханддоржийн тоглож байсан уран нарийн сийлбэртэй модон шатар Булган сумын харьяат Монгол Улсын харьшгүй мэргэн шагайн харваач Г.Нинжпэрэнлэйд өвлөгдөн хадгалагдаж байна.
Дайчин вангийн хүрээний Дашчойнхорлон хийдийн Ловон лам Даваагийн Гэлэгжамц шагай сайн харвадаг, шатар шаггүй тоглодог, юм юманд авхаалжтай эрдэмтэй лам байсан талаар Булганыхан болон хүрээний зарим өвгөн лам нар одоо ч дурсан ярьдаг.
Гэлэгжамц торгомсог даавуун хөлөгтэй, сийлбэртэй модон шатраа ихэд эрхэмлэж нандигнан тоглодог байсан гэнэ. Нас нь өндөр болсон 1990-ээд оны үед өөрийн том хүү Г.Нинжпэрэнлэйд өгөхдөө “Миний хүү энэ шатрыг нандигнан хадгалж яваарай. Аавд нь итгэлтэй хүнээр дамжиж ирсэн энэ шатраар Чин Ван Ханддорж ноёнтон тоглонгоо төр улсынхаа олон нууцыг хэлэлцэж суусан “нууцыг нуусан” нандин эд шүү хэмээн өгүүлсэн байна.
Дээрх шатар нь хэн хүний сонирхол татахаар хоёр талын ноён нь гэхэд сэнтий дээрээ заларч байгаагаар сийлэгдсэн бөгөөд цагаан талын бэрсийг арслан, хүүг арслангийн зулзагууд, хар талын бэрсийг бар, хүүг барын зулзагуудаар дүрсэлжээ.
Мөн Цагаан талын тэмээний бөх нь тэгшхэн бол хар талын тэмээ солбио бөхтэй, цагаан талын тэрэг нь морин тэрэгтэй бол хар талын тэрэг нь үхэр тэрэгтэй гэх мэт монголчуудын нүүдлийн онцлог өв соёлыг тусгаж өгснөөрөө сонирхолтой юм. Тус шатрын бод нь том, жижгээрээ хонины шагайны хэмжээтэй.
Ловон лам Д.Гэлэгжамцтай тухайн үеийн эрдэмтэд, төр
улсын хэрэг бүтээгчид удаа дараа ирж уулздаг байсны нэг нь эрдэмтэн зохиолч
Цэндийн Дамдинсүрэн гуай ажээ. Чухам
аавтай юун тухай ярьж хөөрч байсныг хүүхэд байсан болохоор сайн
анзаараагүй гэж Нинжпэрэнлэй гуай хуучлан сууна.

Зүүн гараас Шагдарсүрэн, Итгэлт, Б.Дамдинсүрэн, Д.Гэлэгжамц, Ойдов нар
1970-аад оны үед /Г.Нинжбадгарын зургийн цомгоос/










Ulaanbaatar