Төв аймгийн гадаад харилцаа өргөжин тэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн залуус Солонгос орны залуучуудтай цасны баяраа тэмдэглэнгээ "Залуу манлайлагч"-ийн туршлагаас судлан, санал бодлоо солилцсон байна.
Төв аймаг БНСУ-ын Кангвон мужийн Пёнгчанг хоттой шууд харилцаатай ажилладаг бөгөөд 2019 оны анхны гадаад харилцааг Өвлийн олимпийн 23 дахь удаагийн тоглолт, Паралимпийн 12 дахь удаагийн тоглолтод оролцон эхлүүлж байгаа аж. БНСУ-ын Кангвон мужийн Пёнгчанг хотод зохион байгуулсан ойн баяр, ёслолд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн оюутан залуучуудын 29 төлөөлөл оролцсон байна. Ёслолын үеэр "EATOF" Олон улсын байгууллагаас "2019 оныг Эв нэгдлийн жил" болгон зарласнаа мэдэгдэж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг уриалжээ. Аймгийн оюутан, залуучууд цасны фестивальд оролцож “GOGO Рyeong Сhang!” залуу манлайлагчдын солилцооны хөтөлбөртэй танилцаж, харилцан туршлага солилцсон байна.
Мөн Япон улсын Изүмисано хотын Никко Зочид буудалд зочид буудлын үйлчилгээгээр дадлагажих хүсэлтэй аймгийн таван залуу хүсэлтээ илгээжээ. Ажилтнуудын материалыг тус улсын Никко зочид буудал хүлээн авч, дадлагажихаар санал ирүүлсэн таван хүнтэй онлайнаар ярилцлага авчээ. Ярилцлагад гурав нь тэнцсэн бөгөөд дадлагажигч нарын дэлгэрэнгүй материалыг Изүмисано хот руу явуулсан байна. Дадлагажигч нар 1-2 жил ажиллана хэмээн Төв аймгийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Чимгээ мэдээллээ.