Хаваржилт хүндрэх төлөвтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Зуншлага
муу байсан говь, тал хээрийн сумдад хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн Хүнс,
хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Хүйтний эрч нэмэгдвэл малын хорогдол өсөх
хандлагатай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж
хүндрэх төлөвтэй байгааг тус газраас мэдээлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Эхийн
голоос бусад бүх сумаар цас орж цасан бүрхүүл тогтсон, бэлчээрийн өвс хомсдож тэжээлийн нөөцийг ашиглаж байгаа аж. Мөн цасны зузаан 0-7 см болсон
төдийгүй сүүлийн 10 хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 4-8 градусаар
хүйтэрч, хангайн уулархаг нутгаар 35-43 градус хүйтэн, говийн нутгаар 15-20
градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 29.2-31.6 градус хүйтэн байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн
хэмжээнд 4.2 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 6.4 сая толгой мал хаваржиж
байна. Бусад аймгийн нутагт 67
өрхийн 27.8 мянган мал хаваржиж байгаа бол Өвөрхангай, Архангай, Өмнөговь,
Завхан, Говь-Алтай аймагт голчлон отор нүүдэл хийжээ. Харин өөрийн аймгийн
бусад суманд 373 өрхийн 119.7 мянган мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 41
өрхийн 35.5 мянган мал тус тус хаваржиж байгаа аж.