Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, ахлах дэслэгч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт цогцолбор тэмцээний хүрээнд тус тэмцээнийг зохион явуулсан юм.
Гавьяат тамирчин О.Насанбурмаа нь тив, дэлхийн олон тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин билээ.
Түүнийг чөлөөт бөхийн спортын дэвжээнд гаргасан гавьяа, зүтгэлийг нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албан хаагчдад таниулан алдаршуулж, залуу үеийнхнийг чөлөөт бөхийн спортоор хичээллэхийн ач холбогдлыг мэдрүүлэх зорилготой зохион байгуулсан уг тэмцээнд эрэгтэй 52, 65, 74, 88, 97, 125 кг, эмэгтэй -62, +62 кг-ын нийт 8 жинд 41 анги, байгууллагын 210 гаруй тамирчин хүч, ур чадвараа сорьсон юм.