Монголын охидын шигшээ багийг Наоко Кавамото дасгалжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос Японы дасгалжуулагч Наоко Кавамотог охидын 16, 19 насны шигшээ багийн дасгалжуулагчаар сонгон ажиллуулахаар болсноо мягмар гарагт /2019.02.26/ мэдээллээ.
Наоко Кавамото 1979 оноос хөлбөмбөгийн спортын мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд 2014 онд тамирчны замналаа орхижээ. Наоко Кавамото хөлбөмбөг тоглож байхдаа л 2002 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж, Азийн хөлбөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч болсон байна. Тэрбээр энэ хугацаанд өсвөрийн багтай ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан юм. Наоко Кавамото 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар гурван жил ажиллажээ.
Монголын эмэгтэй шигшээ багтай ажиллахаар болсон дасгалжуулагч Наоко Кавамото гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт суурьшин амьдрахаар болов.
Дашрамд сонирхуулахад, МХБХ нь 2015 онд Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу дасгалжуулагч Ёожи Ики 2016-2018 оны хооронд Монголын эмэгтэй шигшээ багийг дасгалжуулж байлаа.