Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “Queen” хамтлаг тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн кино урлагийн академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслолын үеэр Их Британийн алдарт “Queen” хамтлаг тоглоно. Энэ тухай тус академи “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
“Queen” хамтлаг болоод тус хамтлагийн гочлол дуучин Фредди Меркьюригийн амжилтад хүрсэн замналын тухай “Bohemian Rhapsody” кино энэ жил “Шилдэг кино” төрөлд нэр дэвшиж байгаа юм. Найруулагч Брайан Сингерийн бүтээсэн уг кино өмнө нь “Алтан бөмбөрцөг” наадмаас “Шилдэг драм кино” шагналыг хүртсэн билээ. Уг киноны гол дүрүүдийг жүжигчин Рами Малек, Гвилим Ли, Бен Харди, Жозеф Маццелло нар бүтээсэн байна.
Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр мөн уран бүтээлийнхээ гарааг дөнгөж эхэлж байгаа кантри дуучны хайр сэтгэлийн тухай “A Star is Born” киноны дуу болох “Shallow” дууг дуучин Леди Гага, жүжигчин Брэдли Купер нар дуулах аж. Үүнээс гадна, найруулагч Роб Маршаллын бүтээсэн “Mary Poppins Returns” киноны “The Place Where Lost Things Go” дууг шагнал гардуулах ёслолын үеэр дуулна гэж дуучин Бетти Мидлер “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Энэ хоёр дууг “Оскар”-ын шагналын "Киноны шилдэг дуу" төрөлд дэвшүүлсэн байна.
Оскарын наадам Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт энэ сарын 24-нд болно.