Маргааш аймаг, цэргийн цолтны барилдаан Бөхийн өргөөнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-01 19:45:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтны барилдааныг хоёрдугаар сарын 2-ны бямба гарагийн 14 цагаас Бөхийн өргөөнд зохион байгуулах бөгөөд 256 бөх хүчээ сорин барилдана.


Энэхүү барилдааныг албан ёсоор 2005 онд анх зохион байгуулсан түүхтэй. Хэдийгээр 2004 онд зохион байгуулсан гэгддэг ч албан ёсоор эхэлсэн нь 2005 он бөгөөд анхны барилдаанд Говь-Алтайн арслангууд давамгайлжээ. Чандмань сумын уугуул Н.Ганбаатар түрүүлж, Жаргалан сумын Ш.Тогтохбаяр үзүүр булаасан байдаг. Дараагийн хоёр жил нь Завханы Ш.Жаргалсайхан манлайлж, Булганы М.Өсөхбаяр, Сэлэнгийн Б.Золбаяр агсан нар үзүүр булаажээ. Уг барилдаанд залуу хүчтэнүүд битүүний барилдааны аз ёндоог сорьдог төдийгүй сайн барилдсан бөхчүүд улсын цолд хүрдэг бичигдээгүй хуультай гэж болно.


Өнгөрсөн хугацаанд болсон 14 барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн хоёроос бусад нь улсын цолд хүрчээ. Мөн үзүүрлэсэн бөхчүүдийн нэгээс бусад нь улсын цол хүртсэн байна. Аймаг цэргийн цолтны тус барилдаанд Завхан аймгийн Идэр сумын харъяат Ш.Жаргалсайхан хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Ш.Мөнгөнбаатар хоёр түрүүлж, нэг үзүүрлэж, гурван удаа их шөвөгт шалгарч байжээ.


Энэхүү 2005-2018 онд зохион байгуулсан  барилдаануудад түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг танилцуулахад, 2005 онд а.а Н.Ганбаатар, а.а Ш.Тогтохбаяр 2006 онд а.а Ш.Жаргалсайхан, а.а М.Өсөхбаяр, 2007 онд а.а Ш.Жаргалсайхан, а.а Б.Золбаяр, 2008 онд а.а С.Идэрсүрэн, а.а Ш.Жаргалсайхан, 2009 онд ц.х.а А.Бямбажав, а.з С.Мөнхбат, 2010 онд ц.а Ч.Санжаадамба, ц.х.а А.Бямбажав, 2011 онд а.а П.Бүрэнтөгс, а.а Ш.Жаргалсайхан, 2012 онд а.а Б.Суманчулуун, а.х.а Р.Пүрэвдагва, 2013 онд а.а Л.Цэрэнтогтох, а.а Б.Баатарцол, 2014 онд а.х.а Ч.Батчулуун, а.а Б.Суманчулуун, 2015 онд а.х.а Ш.Мөнгөнбаатар, а.а Ч.Ганзориг, 2016 онд а.х.а Ш.Мөнгөнбаатар, а.а М.Бадарч, 2017 онд а.х.а Н.Золбоо, а.х.а Ш.Мөнгөнбаатар, 2018 онд а.а Э.Ууганбаяр, а.а Т.Бэгзсүрэн тус тус түрүүлж, үзүүрлэжээ.

相关新闻