Үндэсний лигд өнөөдөр Дайчид болон Сүхбаатар багууд хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-24 14:23:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн Баянхонгор Мазаалай болон Архангайн Алтан Дорнодын Дайчид багууд учраа таарч тоглолоо.


Тоглолтын эхний таван оноог Мазаалай баг авсан ч Архангай цаашид тэргүүлсээр эхний үед 25:17-гоор Дайчид хожлоо. Сүүлийн хоёр жилийн аварга Архангайн залуус шийдвэрлэх үед сайн тоглож 104:95-аар ялж улирлын найм дахь хожлоо авав. Тус тоглолтод ОУХМ Г.Баттөр 25 оноо, ОУХМ Ц.Азбаяр 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Баянхонгор Мазаалай багийг С. Золжаргал, Э.Ариунболд нар 19 оноогоор манлайлсан.


Үндэсний лигийн тэргүүн хэсэгт дөрөвдүгээр байрт бичигдээд байсан Сүхбаатар Альянс Тех баг онооны хүснэгтийн тавдугаар эгнээнд буй Хэнтий аймгийн эсрэг тоглов. Энэ тоглолтод Хэнтий аймаг хожвол хоёр багийн хожил хожигдлын харьцаа ойртох байлаа. Харин Сүхбаатар Альянс Тех баг хожвол Хэнтий аймгаас хожлоороо тасарч, улмаар урдаа байгаа Өвөрхангай Тэнүүн Өлзий багийн амжилтад ойртох байв. Ийм чухал тоглолтод Сүхбаатар аймаг оноогоор илүүрхсээр  119:92-оор улирлын тав дахь ялалтаа авлаа. Тоглолтын турш нэг ч удаа тэргүүллээ алдаагүй Сүхбаатар аймгийн баг олон статистик үзүүлэлтээр илүү байсан. Тус тоглолтын шилдгээр 22 оноо, 11 самбар авсан Б.Дамдинсүрэн нэрлэгдлээ.

相关新闻