“UB комеди” клубийн энэ оны анхны зочноор канад жүжигчин уригджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-24 15:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсдаа хошин урлагийн "Стэнд-ап" төрлийг хөгжүүлэхээр зорьж буй “UB комеди” клуб энэ оны анхны гадаад зочноороо Канадын алдартай комедиан Бриан Айлвардыг урьжээ. 

Энэ алдарт жүжигчний тоглолтыг Сант-Асар төвд зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаараа тус клубийн үүсгэн байгуулагч Г.Батбилэг ярилаа. Бриан Айлвард бол Канадын "Шилдэг комедиан" шагнал хүртсэн бөгөөд 13 жил "Стэнд ап" төрлөөр дагнан 20 гаруй оронд аялан тогложээ. 

“UB комеди” клубийнхэн өмнө нь дэлхийд алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын шоуг зөвхөн клубийн хэмжээндээ зохион байгуулж байжээ.

“Стэнд ап”  гэдэг нь хошин урлагийн нэгэн төрөл буюу тайзны ярианы урлаг юм. Нийгэмд тулгамдсан, бусдын олж харсан ч тоодоггүй асуудлуудыг хөндөн өөрийн амьдралд тохиолдсон явдлуудаар төлөөлүүлэн өгүүлдгээрээ онцлогтой.

Сүүлийн үед залуус хошин урлагийн энэхүү төрлийг ойлгож, илүү сонирхох хандлагатай болсон. 2014 онд байгуулагдсан “UB комеди” клуб одоо 16 жүжигчинтэй аж. Тэд жүжигчдээ сонгон шалгаруулахдаа долоо хоног бүрийн даваа гариг бүр open mic нээлттэй уулзалтыг зохион байгуулж, хүмүүсийг инээлгэж чадсан, олны анхаарлыг татсан хүнд тайзан дээр гарах эрх олгодог юм байна.



相关新闻