Ховд шонхорууд Үндэсний Лигийг тэргүүлсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд шонхорууд болон Хэнтий аймгийн багууд өнөөдөр учраа тааран тоглож Ховд шонхорууд баг 111:102-оор хожлоо.
Шонхорууд багийн бөмбөгний шилжилт маш сайн болж багаараа жигд тоглож чадсанаар ийнхүү ялалтад хүрсэн байна. Энэ тоглолтын турш багийн гол тоглогч Э.Дөлгөөн ердөө таван оноо авсан боловч шонхорууд багаас долоон ч тоглогч 10-аас дээш оноог авч түүний орон зайг нь нөхөж чадсан юм.
Тус тоглолтод Ц.Отгонжаргал 15 оноо, 10 самбар, Г.Анар 14 оноо, 10 самбар авч “дабл дабл” үзүүлэлтийг хийлээ. Харин эсрэг багаас Г.Сандуйжав 18 оноогоор багаа тэргүүллээ. Ингээд Ховд шонхорууд Лигийн тэргүүн байраа хадгалж үлдсэн бол Хэнтий аймаг плей-оффд орохын тулд үлдсэн тоглолтуудад илүү дайчин тоглож өрсөлдөгчдөө хожих шаардлагатай болов.