Дөрвөлжин сумын цэцэрлэгийн хүүхдүүд зөөлөн эдлэл, тоглоомтой болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы Дөрвөлжин
сум ‘’Хүүхдэд
ээлтэй орон нутаг’’ хөтөлбөрийн хүрээнд 2018 оныг ‘’Хүүхэд залуусын хөгжлийг
дэмжих жил’’ болгон зарлаж багагүй ажлыг амжуулсан тухайгаа тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Тухайлбал өнгөрсөн оны жилийн ажлын төлөвлөгөө болон сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг цэвэршүүлсэн усаар хангах ажлыг хийжээ. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн орчинд 880 мянган төгрөгийн өртөг бүхий 14 ширхэг ус цэвэршүүлэгчийг байрлуулжээ. Ингэснээр сургуулийн 10 бүлэг, цэцэрлэгийн дөрвөн бүлгийн нийт 351 хүүхэд сургууль дээрээ хүссэн үедээ халуун хүйтэн, цэвэршүүлсэн усыг ундандаа хэрэглэдэг болжээ.
Уул уурхайн компаний дэмжлэгээр цэцэрлэгийн хүүхдүүд хөгжмийн хэрэгсэлтэй болжээ
Мөн
тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Баян айраг
эксплорэйшн” ХХК цэцэрлэгийн шинэ бүлэгт 30 сая төгрөгийн үнэ бүхий зөөлөн
эдлэл, хөгжимт хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, гадна, дотор талбайн биеийн
тамирын хэрэглэгдэхүүн, тоглоом зэрэг нийт 55 нэр төрлийн бараа материалыг нийлүүлжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн
кабинетийг дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий газар зүйн хичээлийн
хэрэглэгдэхүүнээр, сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимыг таван
сая төгрөгийн проектор, дэлгэц, микрофон зэрэг иж бүрэн техник тоног
төхөөрөмжийг тус тус өгчээ.
Худгийн барилгын ажлыг хоёрдугаар сараас эхлүүлнэ гэв
Дөрвөлжин сумын Цогт, Буурал, Тавантолгой багийн нутагт худгийн хайгуул хийгдэж цэгүүдэд гүний
худгийн цооног гаргах ажлыг зохион байгуулсан тухай тус сумын ЗДТГ-аас мөн мэдээлэв.
Худгийн хайгуул хийгдсэн цэгүүдэд цооног гаргах ажлыг тендерт шалгарсан компаниуд гаргасан бөгөөд Тавантолгой багийн Ногоон дарийн өвөр нэртэй газар Завхан аймгийн “Уст-Өргөө” хоршоо цооног гаргасан байна. Харин Улаанбаатар хотын Урандриллинг ХХК Цогт багийн Дөрөлжийн улаан, Буурал багийн Ихэрийн зүүн талд тус бүр нэг, нийт гурван уст цэгийг оны өмнөхөн гаргажээ. Ийнхүү цаг агаар хүйтэн нөхцөлд техник, тоног төхөөрөмж ажиллах боломжгүйн улмаас 2019 оны хоёрдугаар сараас худгийн барилгын ажлыг эхлүүлэхээр болсон тухай сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв. Дашрамд Дөрвөлжин суманд өнөөдрийн байдлаар 18 худаг уст цэг бий. Үүнээс байнгын ашиглагдаж байгаа 12, засварлах, нэмж худаг уст цэгийн тоо гаргах төлөвлөгөө бүхий газар тав бий аж.