Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-10 21:56:09
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Завхан аймаг дахь салбараас хүүхдийн эмчилгээнд зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжүүд бэлэглэжээ. 
Тухайлбал уурын аппарат долоон ширхэг, судас тодруулах аппарат хоёр ширхэг, зүрхий цохилт хэмжигч нэг ширхэг, нярайн жин хэмжигч нэг ширхэг гээд нийт хоёр сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн байна. Тоног төхөөрөмжийг бэлэглэх үеэр НАМЗХ-ны залуучууд, “Хөдөө орон нутагт эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт муу байдаг. Түүгээр ч барахгүй хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах, хүүхдийн өвчлөлийн үед нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэн байлгахад залуучууд бид санаачилга гарган өнөөдөр ийнхүү тоног төхөөрөмжийг бэлэглэж байгаадаа баяртай байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүд минь өвчлөлгүй, эрүүл  өсөх болтугай. Хүүхдүүдийн төлөө цаг наргүй ажилладаг хүүхдийн эмнэлгийн эмч, сувилагч нарын ажлыг хөнгөвчилсөн, эмчилгээ үйлчилгээ шуурхай болоход бидний бэлэглэсэн тоног төхөөрөмж тус болно гэдэгт найдаж байна” хэмээв.

Эдгээр тоног төхөөрөмж нь тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийн нэг хэсэг юм. Дашрамд дуулгахад Завханы Нэгдсэн эмнэлгийн 40 ортой Хүүхдийн тасаг өнөөдрийн байдлаар ачаалал ихтэй ажиллаж байна. Ерөнхий боловсролын хүүхдүүдийн амралтын үе, өвчлөл буурсан хэдий ч цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт их байна. Мөн салхин цэцэг, ам биеэр туурдаг, гүйлгэдэг ханиад мэр сэр гарч, суулгалтаар өвдсөн хүүхдүүд ч байгаа талаар аймгийн Хүүхдийн тасгаас мэдээлэв. 
相关新闻