“Дакар ралли”-д уралдаж буй Монголын багийн гараа сайн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-08 18:34:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсад болж буй авто спортын “Дакар ралли” уралдаанд Монголын баг гараагаа амжилттай эхлэв.


Өчигдөр /2019.01.07/ Лима хотоос Писко хот хүртэлх уралдаанд манай баг автомашины ангилалдаа 52 дугаарт UTV Open ангилалд зургадугаар байрт эрэмбэлэгджээ. Эхний гарааны зааварчилгаа, нэгдсэн мэдээллийг оролцогчдод хоёр өдрийн өмнө өгч тамирчид нийтдээ 84 км замыг туулж Писко хотод хүрсэн бөгөөд эхний гараа элсэн цөлд болжээ. “Dakar 2019-Team Mongolia” баг автомашины SxS буюу дөрвөн дугуйтын төрлөөр 413 дугаартай оролцож байна.


41 дэх удаагийн “Дакар ралли”-д 61 орны 541 оролцогч 334 техниктэй оролцож байгаагаас 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин аж. Уралдаан 10 үе шаттай явагдаж, нийт 5000 км замд үргэлжилнэ. Энэ жилийн уралдааны гол онцлог нь зөвхөн Перу улсын нутагт дэвсгэрт зохион байгуулж, энэ сарын 17-ны өдөр өндөрлөнө. Энэ нь Дакар раллигийн түүхэнд анхных бөгөөд өмнө нь 2-3 улсын нутаг дэвсгэр дээр явуулж байжээ.


“Дакар ралли 2019” уралдаанд оролцогчдын хувьд үнэмлэхүй аваргууд олон бий. Мөн Ази тивээс БНХАУ, Япон, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцож байна. “Dakar 2019-Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр болон сэтгүүлчээр Б.Онон ажиллаж байгаа юм. Уралдааны мэдээллийг Dakar 2019- Team Mongolia фэйсбүүк хуудсаар хүргэж байна.

相关新闻