Төрийн ордонд шатар сонирхогчдын улсын шилдгүүд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-04 11:59:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын  шинэ Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулан, УИХ-ын даргын ивээр дор жил бүр шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг бөгөөд тус тэмцээний шигшээ тоглолтын нээлт энэ сарын 05-ны өдөр болно.


Төрийн ордонд ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5-6-нд тус тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодруулна. Энэхүү шатар сонирхогчдын УАШТ-ийг гурван үе шаттай явуулдаг. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулсан. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 8-9-нд тус тус зохион байгуулсан юм.


Шатар сонирхогчдын УАШТ-ийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар, Монголын шатрын холбоо, шатар сонирхогчид хамтран ажилладаг уламжлалтай билээ.

相关新闻