“Дакар ралли 2019”-д уралдах тамирчид бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-24 16:13:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт ирэх нэгдүгээр сарын 06-17-нд зохион байгуулах бөгөөд 41 дэх удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ.


Манай улсаас автомашины SxS, мотоциклийн ангилалд гурван тамирчин болон албаны багийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Автомашины SxS ангилал буюу дөрвөн дугуйтаар оролцох автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар Францад машины үзлэгт орж, уралдах эрхээ баталгаажуулжээ. “Дакар ралли” уралдаан нь маш нарийн дүрэм, журам, стандартын дагуу зохион байгуулдаг. Тиймээс уралдаанд оролцох машиныг мэргэжлийн баг шалгаж, техникийн үзлэгт оруулснаар дугаараа баталгаажуулдаг бөгөөд манай тамирчид 413 дугаартай уралдахаар болжээ.




Энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехнакаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах юм. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд сэтгүүлч Б.Онон багтжээ.


“Дакар ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцсон. Тэрбээр 2015 он хүртэл автомашин, мотоциклийн төрлөөр хурд сорьсон юм. Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгасан юм. Тэрбээр “Дакар ралли” уралдаанд Монголын анхны финиш хийсэн чиглүүлэгч болсон билээ. Тухайн жил ОХУМ Ө.Бямбацогт оролцсон  ч техникийн эвдрэлээс болж замаа дуусгаагүй юм.


“Дакар ралли 2019” уралдаан Перу улсын нутагт арван өдрийн турш 5603 км үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай зам байгаа аж.

相关新闻