"Эрдэнэмандал" ахлах сургууль шинэ спорт заалтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Хүүхэд шуугисан их өргөө "Эрдэнэмандал" ахлах сургуулийн спорт заалны нээлтийг хийлээ.
Ёслолын эхэнд Монгол Улсын төрийн далбаа болон олимпын далбааг заалны хоймортоо залж, тив, улс, аймгийн тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачуудын баярын жагсаал болсон юм. 40 гаруй жилийн хугацаанд зориулалтын бус жижиг зааланд биеийн тамир, хүмүүжлийн арга хэмжээг хүндрэлтэй нөхцөлд явуулж ирсэн ч сурагчдын амжилт сараагүй, багш нарын хичээл зүтгэл талаар болоогүйд нээлтийн үйл ажиллагаанд оролцсон хүмүүс онцлон, баяр хүргэж байв.
Ийнхүү аймаг орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачих бодлого, М.Билэгт нарын УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тус сургууль улсын төсвийн 936.5 сая төгрөгийн санхүүжилтээр зориулалтын стандарт спорт заалтай болж байгаа юм. Нийт 38.4 х 24-ийн харьцаатай том заал болон дотроо багш сурагчдын тус тусын кабинет, уншлагын танхим зэргийг багтаасан зургаан өрөөтэйгөөр зохион байгуулалтыг хийжээ.
Тус сургуулийн захиргаа болон төгсөгч нараас спорт заалныхаа нээлтэнд зориулж, таван сая төгрөгийн шагналын сантай гар бөмбөгийн тэмцээн мөн явуулж байна.