Баялаг бүтээгчид татварын хөнгөлөлт эдэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБаялаг бүтээгчид буюу бидний хэлж заншсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсад төлөх татварын хэмжээ буурч 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр болсон тухай таатай мэдээ цацагдаж эхэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 16 гишүүн “ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачилж алслагдсан бүс нутагт татварын хувь хэмжээг бууруулахаар болсон. Хуульд зааснаар нийслэлээс 550 км-ээс дээш алслагдсан аймгуудын аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас 50 хувь, 1000 км-ээс дээш бол 90 хувь чөлөөлөх гэнэ. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж 3-аас доошгүй ажлын байр бий болгосон байх шаардлагыг хангах нь. Харин ашигт малтмалын хайгуул, ашиглалт, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа болон үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэх, авто зам, замын байгууламж барих, засварлах, цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энерги зэрэг үйл ажиллагаа энэ хөнгөлөлтөд хамаарагдахгүй юм байна.
Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байна гэсэн статистик бий. Хууль хэрэгжсэнээр төв рүү тэмүүлэх их нүүдлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэд нутагтаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.
2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжих энэ хууль эхний ээлжинд 2020 он хүртэл үргэлжлэх ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг нь цаашид тав таван жилээр сунгах боломж бий тухай хууль санаачлагчид тайлбарлаж байна.
Б.Туяа