Майкл Вайс: Монголын хөлбөмбөгчдийн суралцах үйл явц үргэлжилсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий сүүлийн тоглолтоо өчигдөр/11.16/ Хонконгийн хүчтэй багийн эсрэг хийж 5:1-ээр хожигдлоо.
БНАСАУ-ын багтай цааш шалгарах эрхийн төлөө гоолын зөрүүгээр өрсөлдөж байгаа Хонконгийн шигшээ багт гоолын тоо чухал байсан учир тоглолтын эхнээс хурдтай довтолгоонуудыг өрнүүлэв. Үүний үр дүнд 23 дахь минутад тэд Бразил гаралтай довтлогч Сандро-гийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос 12 минутын дараа Хонконгийн шигшээ багийн Англи гаралтай тоглогч Жеймс МакГий тооны зөрүүг 2 болгон холдууллаа. Тоглолтын эхний хагас энэ хүрээд өндөрлөсөн.
Сүүлийн хагасын 5 дахь минутанд манай шигшээ тооны зөрүүг ойртуулж А.Нармандах тооны самбарт нэрээ гаргаж чадлаа. Харин үлдсэн цагт Хонконгийн баг дахин 3 гоолыг манай хаалганд хийснээр 5:1-ээр ялагдал хүлээлээ.
Тус тоглолтын дараа Герман дасгалжуулагч Майкл Вайсс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: "Бидэнд анхаарах ёстой асуудлууд маш их байна. Мэдээж энэ шатанд гарна гэдэг бидний хувьд асар их туршлага. Энэ бол ердөө л бидний суралцах үйл явц" гэлээ.
Монголын хөлбөмбөгчид 60 жилийн түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан манай шигшээ баг ийнхүү тэмцээн дуусгав. Харин Хонконгийн шигшээ баг 2019 онд Зүүн Азийн АШТ-ий аваргын төлөө БНСУ, Япон, БНХАУ-ын багуудтай тоглох эрхээ авлаа.