Булган аймаг эрчим хүчний хэмнэлтийн бодлоготой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид
аймгийн эрчим хүчний хэмнэлтийн бодлого баталлаа.
Эрчим
хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган уялдуулах, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник,
технологи нэвтрүүлэх, хэрэглэх, тухайн төрлийн зардлыг бууруулахад зорилготой бодлогыг 2022 он хүртэл
хэрэгжүүлэх юм.
Тус аймгийн хэрэглэгчид цахилгаан
эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон давуу талтай боловч аймгийн цахилгаан
эх үүсвэр хэрэглэгчдийн 50,4
хувь төвлөрсөн, 41,9 хувь сэргээгдэх, 0,6
хувь дизель, 5,9 хувь бага оврын
цахилгаан эх үүсвэртэй байна. Харин 1,2 хувь
цахилгаан хангамжид холбогдоогүй гэсэн судалгаа бий. Дулаан хангамжийн хувьд 2,9
хувь төвлөрсөн системээс, 96,4 хувь ердийн галлагаатай, 0,5 хувь нам даралтын
зуухаар, 0,1 хувь цахилгаан халаагуураар халаалтын асуудлыг шийдвэрлэдэг гэж
үзжээ.
- Төрийн
болон хувийн хэвшлийнхэн эрчим хүч хэмнэлтийн талаар авсан тодорхой арга хэмжээ
байхгүй, иргэд мэдлэг мэдээлэлгүй, эрчим хүчний үр ашигтай хэрэглээ төлөвшөөгүй
байна. Аймгийн хэмжээнд дулааны эрчим хүч хэмжих хэрэгсэл байхгүй байгаа. Тиймээс
эрчим хүчний хэмнэлтийн бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзсэн. Бодлогыг
хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүр гарган биелэлтийг тооцож ажиллах, хүрсэн
бодит түвшинг хадгалах, дээшлүүлэх нь чухал юм гэж аймгийн Засаг даргын Тамгын
газрын мэргэжилтэн Д.Нарангэрэл хэлсэн юм.
Эрчим
хүчний зохистой хэрэглээ бий болж, эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн нийтийн боловсролыг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлж,
иргэд, олон нийтэд эрчим хүчийг хэмнэх, зохистой хэрэглэх ухамсар, дадал төлөвшин, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл, өрхийн эрчим
хүчний болон бичиг хэргийн, шатахууны зардал буурсан байх үр дүн гарна бодлого
боловсруулагчид үзэж байна.