"Иргэн тантай хамт" өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас “Иргэн тантай хамт” өдөрлөгийн арга хэмжээг энэ сарын 23-27-ны өдрүүдэд Богд, Бууцагаан, Жаргалант сумдад Баянлиг, Баянговь Жинст, Хүрээмарал, Баацагаан, Галуут, Гурванбулаг, Заг сумдын 800 орчим иргэдийг хамруулан зохион байгуулжээ.
Бүсчилсэн өдөрлөг нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, шинээр батлагдсан хууль, дүрмийг иргэдэд таниулах зорилготой аж.
Өдөрлөгийн хүрээнд аймгийн хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч, “Галт зэвсгийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”-ийг танилцуулан, малын хулгайн болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулжээ. Мөн иргэдийн санал хүсэлт, гомдлыг сонсож, шийдвэрлэн, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байна.
Арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгаа 11 иргэн, 11 аж ахуй нэгж, байгууллагыг сумдын ИТХ-тай хамтран “Талархал”, мөнгөн шагналаар шагнажээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн 450 орчим сурагчид “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ажиллах журам”, “Цахим хэрэглээ”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ.
Б.Мөнхзул