Хаврын морин уралдааныг зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Морин спорт уяачдын холбоо хаврын хурдан морины уралдааныг ирэх сарын 06-ны өдөр зохион явуулахаар төлөвлөж, албан тоотоо аймгийн Засаг даргад уламжилсан байна. Гэвч тус холбоо энэ хүсэлтээ эргүүлэн татжээ.
2016 оны 02-р сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насан хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” батлагдаж, уг жагсаалтад жил бүрийн 11-р сарын 1-ний өдрөөс 05-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр морь унуулахгүй байх заалт орсон юм байна. Хөдөлмөрийн сайдын дээрх тушаал гарсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монгол Улсын Морин спорт уяачдын холбооноос орон нутгийн удирдлагад чиглэл хүргүүлжээ.
Уг чиглэлд энэ жил хүйтний эрч чангарч, олон аймаг суманд цагаан зуд нүүрлэж хаваржилт хүндэрсэн, малын гоц халдварт цэцэг өвчин дэлгэрсэн, өвөл хаврын уралдаан унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл дагуулж байгаад анхаарал хандуулах талаар дурджээ. Үүний дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хамтарсан уриалга гарган бүх сумын Засаг дарга нарт хүргүүлснээр Дорнод аймгийн 14 сумын Засаг дарга өөрсдийн сумын нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглосон захирамжийг гаргав.
Дээрх захирамж, шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн Морин спорт уяачдын холбооноос хаврын хурдан морины уралдааны товыг цуцалж, энэ талаарх хүсэлтээ эргүүлэн татсан байна. Тэгэхээр 5-р сарын 1-ний өдөр хүртэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан,сунгаа зохион байгуулахгүй нь.
Б.Туяа