Шагайн харвааны үеэр дэг жаягийг хатуу мөрдөнө гэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймгийн шагайн
харвааны холбоо намар цагийн нээлтийн харвааны тэмцээнийг ирэх амралтын
өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Тэмцээнийг багийн харвааны төрлөөр зохион байгуулах бөгөөд ахмадын чавхны болон хурууны харвааны багууд оролцуулах юм.Уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэхээр тэмцээн зохион байгуулж байгаа учраас хатуу дэг, журам баримтална. Бүх шагайчдыг үндэсний дээл хувцастай байхыг шаардана. Жинсэн өмд, пүүзтэй харваачдыг байцанд буулгаж харвуулахгүй гэж аймгийн шагайн харвааны холбооны тэргүүн Б.Батцогоо ярилаа.
Тэмцээний явцад архи согтууруулах ундаа
хэрэглэсэн, зүй бус авир гаргасан харваачдыг тэмцээнээс хасах аж. Түүнчлэн
тэмцээнд оролцож байгаа харваачдаас хүсэлт тавьсан тохиолдолд согтуурлын
зэрэг тогтоох арга хэмжээ авах юм байна.
М.Батжаргал