Ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношилдог болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан
аймагт ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношилдог болсноор аймгийн
хэмжээнд ургийн гаж хөгжилтэй хүүхэд сүүлийн хоёр жил төрөөгүй байна.
Аймгийн төрөх эмнэлгээр өдөрт дунджаар 58
орчим эмэгтэй үйлчлүүлж эх нярайн эрт оношлогоонд хамрагдаж байна. Тус
эмнэлэг үйлчлүүлэгчиддээ G60 маркийн 2D ЭХО, 2D доплер аппарат бүхий зайн
оношлогооны төвөөрөө үйлчилж байгаа ажээ.Төрөх насны
эмэгтэйчүүд энэхүү аппаратаар үйлчлүүлэх сонирхол их бөгөөд эмэгтэйчүүдийн
эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл авах хүсэл сонирхол их байна.
Өдөртөө байнгын ачаалал ихтэй ажилладаг ба нэг зөвлөх эмч, сувилагч дунджаар 17 жирэмсэн эхийг үзэж зөвлөгөө өгдөг. Мөн бодлогоор нийслэл Улаанбаатар хотоос энэ жил гэхэд гурван удаа эмэгтэйчүүдийн болон, хавдрын эмч нарыг урьж эмэгтэйчүүдийг нарийн шинжилгээ, оношилгоонд хамруулсан тухай тус тасгийн их эмч мэдээллээ.
Дашрамд аймгийн хэмжээнд 988 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 987 болсон нь, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 11.3 хувиар, амьд төрсөн хүүхэд 10.2 хувиар өссөн байна. Харин 1002 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ. Сүүлийн таван жилд анх удаа аймгийн хүн амын тоо 116 хүнээр өссөн байна.
Б.Мягмарсүрэн