“Жимс, жимсгэнэ” аймгийн дэд хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-02 15:09:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас  “Жимс, жимсгэнэ” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж ИТХ-аар  батлууллаа. 

Хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжих бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр жимс, жимсгэний талбай 900 га талбайд хүрч, боловсруулах үйлдвэртэй болсноор шинээр ажлын байр бий болох ажээ. Түүнчлэн экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэж аймгийнхаа хэрэгцээт жимс жимсгэний 25 хувийг хангаж, дотоодын хэрэгцээнээс гадна экспортод гаргах боломж бүрдэх аж.

Мөн экологийн нөхөн сэргээлт хийх, мод суулгац үржүүлэх, цэцэрлэгжүүлэлт, жимс жимсгэний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжинө хэмээн үзэж буй. Аймгийн нутаг дэвсгэрт ургадаг жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тариалалтыг 13 хувь буюу 900 га талбайд хүргэж, хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах, цаашлаад импортыг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулж экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, таримлын болон бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, жимс, жимсгэнийн таримлын нутагшсан сортыг бий болгох, суулгац үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх, салбарын маркетингийн стратегийг боловсруулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох ажлыг хийх аж.

Ч.Отгонцэцэг

相关新闻