Хамтын ажиллагааны зөвлөл байгуулах талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-20 19:59:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /ГОУХАН/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал хатагтай Карин Рейнпрехт Сэлэнгэ аймагт ёсдүгээр сарын 19-нд ажиллалаа. 

Зочдыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзаж аймаг орны  хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын тухай танилцуулж харилцан ярилцав. Хатагтай Карин Рейнпрехт “Орон нутгийн цогц хөгжил” түншлэлийн хүрээнд орон нутгийн хөгжилд төр, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, уул уурхайн байгууллагын тэгш оролцоо, түншлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах зорилготой “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийг аймгийн ИТХ-ын дэргэд байгуулж ажиллуулах асуудлаар санал солилцов.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил хамтын ажиллагааны зөвлөл байгуулах санал гаргасныг  ИТХ-ын зүгээс дэмжиж байгаа юм.  

Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хоёр дахь үе шат Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж байгаа юм. Тус хөтөлбөр Сэлэнгэ аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, нутгийн иргэдэд түшиглэж орон нутгийг тодотгосон аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон зорилтот үйл ажиллагаанд бодитой үр дүнгээ өгч байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻