Монголчуудын үнэт эдлэлийн хэрэглээ үзэсгэлэн худалдаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-28 10:47:10

XVII жарны гал бичин жилийн сар шинийн баярт зориулан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн “Бичин жилийн өнгө” үзэсгэлэн  худалдааг тав дахь жилдээ зохион байгуулж байна.

"Арт хаус" төв, "Master jewelry" уран дархны урлан,  "Азийн урлаг" галерей, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооноос хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 10 гаруй аж ахуйн нэгж болон хувь хүмүүс оролцож байна.

Энэ жилийн үзэсгэлэнд Монголын эртний болон орчин үеийн чамин хийцтэй шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам гээд төрөл бүрийн чулуун хөөрөг, алт, мөнгөн аяга, эмээл, хазаар, бурхдын хөрөг, даалин, ээмэг, хэт хутга, айрагны хул, идээний цар, таваг, мөнгөн завьяа зэргийг дэлгэжээ. Эдгээр бүтээл дахин давтагдашгүй гэдгээрээ онцлогтой. Хөөрөг гэхэд ур хийцээсээ хамаарч 200 мянгаас 300 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

"Үзэсгэлэнд өндөр чанартай, нарийн хийц бүхий эдлэл зарж байгаа. Мөн зах зээлийн бодит үнэлгээтэй. Хүмүүс үнэ хүрэхээргүй зүйлийг өндөр үнээр худалдан авчих вий гэж болгоомжилдог. Тэгвэл эндээс худалдаж авсан үнэт эдлэл хаана ч очиход үнээ барина. Тухайлбал, 5 сая төгрөгийн хөөрөг авлаа гэхэд хаана ч хэдэн жилийн дараа үнээ барих нүнжигтэй байх жишээтэй" хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.

 Үзэсгэлэнгийн үеэр дан ганц худалдаа явагдахаас гадна өөрсдийн хөөргийг авчирч мэргэжлийн хүмүүсээр насжилт, чулуу, хийцийг нь тодорхойлуулах боломжтой аж.

Тус үзэсгэлэн худалдаа Барилгачдын талбайн баруун талд байрлах “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻