Залуу циркчид Үчяогоос “Хүрэл арслан” хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хятадын Үчяо хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Монголын залуучууд хүрэл цом хүртжээ.
Тодруулбал, Үчяогийн 20 дахь удаагийн наадмаас “Монгол циркус” төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, “Хүрэл арслан”-тай эх орондоо ирж байна. 25 орны шилдгүүд чуулсан эл тэмцээнд амжилт үзүүлсэн жүжигчдийг У.Цэрэнбаатар дасгалжуулж, Х.Хашхүү бүжиг дэглээчээр нь ажилласан бол хувцсыг “Зоя Арт”-ынхан урласан аж.
Ташрамд дурдахад, үүнээс 20 хоногийн өмнө Монголын нугараач охид ОХУ-ын Москва хотод болсон олон улсын тэмцээнээс хүрэл цомтой ирсэн юм.