“Морин эрдэнэ” бүтээлээрээ улсад шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 09:02:54

"Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2015” улсын 19 дэх удаагийн уралдааны дүн саяхан гарч, тэргүүн байр эзлэгсэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардлаа. Уралдаанд 6 төрлөөр 1000 гаруй хүн оролцож бүтээлээ сойсноос бичвэрийн бус буюу бүтээлийн төрөлд Дорнод аймгийн Хэрлэн сумын Аймгийн тэргүүний 8-р сургуулийн технологийн багш Т.Батжаргал хоёрдугаар байр эзэлжээ. 

Түүний морины толгойн ясыг ашиглан хийсэн сийлбэр нь олны сонирхлыг ихэд татаж байсан. Монголчууд эртнээс морин эрдэнэ хэмээн дээдэлж тахиж шүтэж ирсэн уламжлалаа бодож “Монгол” гэсэн үгийг угалзруулан зулай дээр нь сийлж, морины толгойг хээ угалзаар чимэглэж тусгай хоргонд байрлуулсан тухайгаа багш Т.Батжаргал ярьж байлаа.

Тэрээр Дорнод Дээд Сургуулийг багш-зураг дизайны мэргэжлээр төгсч, хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд байхаасаа сийлбэрийн урлагийг сонирхон оролдож, одоо өөрийн сонирхлын дагуу дугуйлан хичээллүүлж дунд, ахлах ангийн 37 хүүхэд хамрагджээ.

Мөн “Болор эгшиглэн-2015” уралдаанд Батжаргал багшийн бэлтгэсэн 2 шавь нь гар урлал, сийлбэрийн төрлөөр алтан медаль хүртсэн бол “Урлал дизайн -2015” уламжлалт уралдаанд чөлөөт сэтгэмж төрөлд Э.Энхсүх /12-р анги/  алтан медалиар энгэрээ мялааж шилдгийн шилдгээр тодорсон зэрэг олон амжилтыг дурдаж болно.

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд эртээс нааш Дорнодынхон амжилттай оролцож ирсэн уламжлалтай. Ахмад багш Ц.Цэрэндаш дэд, ахмад багш Н.Дамдинсүрэн гутгаар, 1999,2000,2001 онуудад 11-р сургуулийнхан хамгийн олноороо оролцсон хамт олноор шалгарч, 5-р сургуулийн монгол хэлний багш Б.Эрдэнэтуяа тусгай, 11-р сургуулийн сурагч Мэндгарав тэргүүн, Нандинчимэг гуарвдугаар байр эзэлж байсан амжилтын буухиаг багш Т.Батжаргал амжилттай үргэлжлүүлж явна.

Б.Туяа

 

相关新闻