Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд “Төрийн албан хаагч”-ийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж энэ удаад 30 хүн төрийн албанд үнэнч шударгаар ажиллахаа батлан тангараглав. Тангараг өргөж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн далбаанд мэхийн ёсолж, тангарагийн бичигт гарын үсэг зурснаар төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх их үүрэг хариуцлага хүлээлээ.
Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, ТАЗ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Батмөнх нээж ”Та бүхнийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ тусын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллана гэдэгт найдаж байна” гэв.
Тангарагаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчиддаа аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Чинбат: Төрийн байгууллагад эзэмшсэн мэргэшил, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан, эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсээд, баяр хүргэлээ.
А.Бямбасүрэн