Архины хамааралтай 46 хүн хэвийн амьдралдаа эргэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 13:25:38

Дорнод аймаг 2015 онд “Архигүй амьдрал” хөтөлбөр хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд “Архигүй амьдрал” кабинетыг нээж, мэргэжлийн эмч ажиллуулан архины хордлого тайлах, дуршил бууруулах, харшил үүсгэх эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлжээ.

Энэ кабинетад хандагсдыг тэд хяналтанд авч, зөвлөгөө өгч ажиллаж байна. Тус кабинетаар нийт 169 иргэнд 2,5 сая төгрөгийн эмчилгээ хийж 55 хүнтэй итгэлцлийн гэрээ байгуулжээ. Эмчилгээний үр дүнд архины хамааралтай 46 хүн хэвийн амьдралдаа эргэн орсон байна. Энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд ч амжилттай ажиллаж, зөвхөн “Ухаарал” эмнэлэгт хандсан 90 гаруй хүн архинаас татгалзаж чаджээ.

Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг тус аймгийн хэмжээнд “Архи, тамхины эсрэг цэцэг” өдөрлөг зохион байгуулах болсон. Энэ өдөрлөгөөр архи, тамхины эсрэг цэцэг үрслүүлэн иргэдэд бэлэглэж, хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд хийн дасгал, ажлын байрны дасгалын үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулж хэвшжээ.

Б.Туяа

相关新闻