ДУНДГОВЬ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад 10 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-17 16:45:46
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс жил бүрийн 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон даяар зохион байгуулдаг. Энэ жил тус аяныг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.


Тус аяныг Дундговь аймагт хэрэгжүүлэхээр нээлтийн ажиллагааг 4 дүгээр сарын 15-нд зохион байгуулж, төрийн болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх комиссын гишүүд, нийт 60 гаруй албан хаагч оролцжээ.


Нээлтийн үеэр аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат дээрх чиглэлээр баримталж буй бодлого, 2024 оны үйл ажиллагаа, хэрэгжүүлэхэд зарцуулах төсвийг танилцуулсан. Тухайлбал, Дундговь аймаг 2024 онд “Ослыг тэглэе” ажиллагаанд 17,1 сая, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт зохион байгуулахад 10 сая, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг явуулахад  2 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.


Сарын аяны хугацаанд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сайн туршлагыг судлах, түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнуудад мэдлэг олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах, хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, дагаж гарсан дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт, шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулах юм. 


2020-2023 онд тус аймагт үйлдвэрлэлийн осол 10 бүртгэгдэж, 16 хүн өртсөнөөс 4 хүн нас барж, 1 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 9 хүн хөдөлмөрийн чадвар түр алдсан байна.


Гарч буй үйлдвэрлэлийн ослын шалтгааныг авч үзвэл 15 хувь нь удирдлагын тогтолцооноос, 30 хувь нь ажлын байрны орчин нөхцлөөс, 20 хувь нь техник, технологийн эвдрэлээс, 35 хувь нь тэсэрч дэлбэрэх эд зүйлтэй анхаарал болгоомжгүй харьцах, зам тээврийн осол гаргах зэрэг хүний хүчин зүйлээс хамааралтай байна. 

Холбоотой мэдээ