Олон улсын жазз хөгжмийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-30 07:59:09

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Олон улсын жазз хөгжмийн өдөр өнөөдөр тохиож байна.


2011 оны ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаар жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан.


ЮНЕСКО жазз хөгжмийг энх тайван, харилцан ойлголцлыг дэмжихээс гадна хүний эрх, нэр хүнд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоог дэмжиж ялгаварлан гадуурхах явдлыг устгах гол хүчин зүйлсийн нэг хэмээн үздэг байна. Энэхүү гайхамшигт хөгжим XX зууны эхээр буюу 1910-аад онд АНУ-ын Нью Орлеаны мужид анх үүсжээ. Жазз нь эрх чөлөөний хэл бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, боолчлогдож явсан хар арьстнуудын эрх чөлөөг хүсэмжлэн, зовлонгоо умартах гэж амандаа аялдаг байсан хөдөлмөрийн уриан дуугаар анх үр нь цацагдсан гэж үздэг байна. Мөн блюз буюу уйтгар гунигийн дууны хэв маягаар эхлэлээ тавьсан аж.


Сэтгэл сэргэм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хорших уян хатан байдлаар нь жаззыг дэлхийн хөгжим гэлцдэг. Уг хөгжмийн онцлог нь ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглогддог төдийгүй фольк, тропикал, бест, латин, чөлөөт, жазз рок, жазз реп гэх мэтчилэн 20 гаруй төрлөөр хөгжсөн байна.


Монголын жазз хөгжмийн товч түүх 


Монголд жазз 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жазз үүсэн хөгжих үндэс тавигдсан түүхтэй. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжсөөр 1969 онд “Баянмонгол чуулга” байгуулагдсан нь Монголын жаззын хөгжилд ихээхэн түлхэц болсон байдаг.  


2009 онд “Их талын жазз” ТББ байгуулагдаж, жил бүр Жазз хөгжмийн наадам зохиож байсан нь Монголд мэргэжлийн жазз хөгжимчдийг бэлтгэх “Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим” /GMUB/ төслийн суурь болжээ. Монгол дахь Гёте институт, Герман улсын контрабасс хөгжимчин Мартин Зенкерийн санаачилгаар, Монгол Улсын Консерваторитой хамтран 2014 онд байгуулсан GMUB төслөөр Монгол Улсад жазз болон орчин үеийн хөгжмийн боловсролыг академик түвшинд олгох үндэс суурь тавигдсан байна.

GMUB  төслөөс төрөн гарсан уран бүтээлчдийн зохион байгуулсан тоглолтуудад давтагдсан тоогоор 180 мянга гаруй үзэгчид ирсэн гэх тооцоо бий. 2016 онд GMUB-аас төрсөн “Jazz Train” хамтлагийн дебют цомог оны онцлох цомгоор нэрлэгдэж байв. Мөн “JazzLab” агентлагийн зохион байгуулсан, Испани, Франц, Америкийн уран бүтээлчид оролцсон таван цуврал тоглолт “Ulaanbaatar International Series”*-ийг 9000 гаруй сонсогчийн талархлыг хүлээсэн. Өнгөрсөн таван жил орчмын хугацаанд “Fat Cat Jazz Club”-д давхардсан тоогоор 70 мянган хүн үйлчлүүлж, жазз тоглолт үзсэн байна. 

Холбоотой мэдээ