Казахстан улстай мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 11:57:04

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-нөөс 5 дугаар сарын 2-ны хооронд ажлын айлчлал хийж байна.


ЦХХХ-ны сайд Н.Учрал Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Канышийг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр орны цахим засаглал, мэдээлэл, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.


Уулзалтын дараа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Казахстаны Үндэсний мэдээллийн технологийн хувьцаат компани хооронд “Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд технологийн туршлага солилцох, сургалтын хөтөлбөр, чадавхыг бэхжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангана.


Айлчлалын үеэр хоёр орны хооронд цахим салбарын туршлага солилцох, хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлэх талаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хувийн хэвшлийн байгууллага хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх “B2B” уулзалт, төрийн үйлчилгээний “Хур”, “Дан” систем, нэг цэгийн үйлчилгээний төвүүдтэй танилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахыг ЦХХХЯ мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ