ДУНДГОВЬ: Хүний биед халдах зөрчлийн 94,7 хувь нь Сайнцагаан суманд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-24 11:30:20
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Прокурорын газраас хүний биед халдах зөрчлийн шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг судалж дүгнэлт гаргалаа.


Энэ оны 3 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд зөрчлийн шинжтэй 278 гомдол гарч, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгахад 6,8 хувь нь хүний биед халдах зөрчил байжээ. Хүний биед халдах зөрчлийн гаралтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад буюу 42 хувиар нэмэгдсэн бөгөөд сумаар нь авч үзвэл, Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт 18 зөрчил бүртгэгдсэн байна.  


Зөрчлийн холбогдогч нарын хувьд эмэгтэй 31,6 хувийг эмэгтэй, 68,4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бол тэдний дунд дээд боловсролтой 3, тусгай дунд боловсролтой 3, бүрэн бус дунд боловсролтой 11, бага боловсролтой 1, боловсролгүй 1 хүн байна. Түүнчлэн 14 хүн нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол ажилгүй 5 хүн байсан байна. 


Иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зүй зохистой авч явдаггүй, бусадтай ялихгүй зүйлээс шалтгаалан маргалддаг, малын бэлчээр булаалцалдах зэрэг үйлдэл нь зөрчил гарч буй шалтгаан болж байгааг аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Нэргүй онцоллоо.


Тиймээс архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэрэглэсэн тохиолдолд бусадтай харилцахдаа ёс зүйтэй байж, хэрүүл маргаан үүсгэхгүй байх, таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг тогтмол санаж гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг тэрбээр иргэдэд анхаарууллаа. 

Холбоотой мэдээ