Сарнаас цаад талаас хөрсний дээж авчрах аппаратыг хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-05-04 09:57:21

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 4 /BCC/. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талаас хөрсний дээж авчрах хөтөлбөрөө Хятад улс амжилттай эхлүүллээ. 


Тодруулбал, Сарны цаад талаас дээж авчрах "Чанъэ 6" станцыг тээсэн "Чанжэн-5 Y8" пуужинг өчигдөр орон нутгийн цагаар 17:30 цагт Өмнөд Хятадын тэнгисийн Хайнань арлын эрэгт орших "Вэньчан" хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ. 


"Чанъэ-6" сансрын автомат станц нь 8.2 тонн жинтэй бөгөөд тойрог замын, буугч, хөөрөгч болон буцах модулиудаас бүрдэнэ. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд буугч модулийнх нь бүхээгт Франц, Италийн болон Европын сансрын агентлагийн шинжлэх ухааны багаж хэрэгсэл, тойрог замын модулийнх нь бүхээгт Пакистаны жижиг хиймэл дагуул байгаа ажээ. 


53 хоног үргэлжлэх энэхүү даалгаврын гол зорилго нь хоёр кг орчим сарны хөрсийг цуглуулж дэлхийд авчрах юм. Төлөвлөгөөний дагуу “Чанъэ-6” Сарны цаад талын Өмнөд туйлын 2 500 шахам км өргөн, 8 км гүн аварга том тогоонд газардах ёстой. Тэнд уг төхөөрөмж дээж цуглуулахаас гадна туршилт хийх юм. 


Дэлхийгээс харагддаггүй талынх нь хөрсний дээжийг судалснаар Сарны үүслийг тогтооход тус дөхөм болно гэж эрдэмтэд найдаж байна. Хэрэв даалгавар амжилттай болбол Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирсан түүхэн дэх сансрын анхны даалгавар болно гэж Хятадын Сарны судлал, сансрын технологийн төвийн орлогч дарга Ге Пин хэлжээ. 


Хятад улс таван жилийн өмнө манай гаргийн дагуулын нөгөө талд сарнаа явагчаа амжилттай газардуулсан дэлхийн анхны улс болсон билээ. 


Тус улс Сарны дэлхийгээс харагдах талын гадаргуугаас "Чанъэ-5" автомат станцаар 2020 онд дээж авчирсан юм. Энэ удаагийн даалгавар нь энэ арван жилд Сар луу хийхээр төлөвлөж буй нисгэгчгүй гурван нислэгийн эхнийх нь юм.


Хятад улс 2030 он гэхэд сансрын нисгэгчдээ Саран дээр газардуулахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ Ангараг, Бархасбадь гаргаас хөрсний дээж цуглуулах одоогийнхтой төстэй хоёр хөтөлбөрийг нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөж байна.


Тус улсын дараагийн хөөргөх “Чанъэ-7” аппарат нь манай гаргийн дагуулын өмнөд туйлаас ус хайх бол “Чанъэ-8” нь Саран дээр байнгын бааз байгуулах техникийн боломжийг судлах ажээ.

Холбоотой мэдээ