Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-05-04 11:03:29

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 4 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэрбумтан Майкл Блүүмберг, Хятад-Малайзын жүжигчин, Оскарын шагналт Мишель Йео, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси нарыг Америкийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонгоор шагналаа. 


Уг шагналыг нийт 19 хүнд хүртээсний дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн элч асан Жон Керри, Билл Клинтоны засаг захиргааны үед АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Альберт Гор, Конгрессын гишүүн Жеймс Клайберн /Өмнөд Каролинагаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн/, Сенатын танхимын гишүүн асан Элизабет Доул /Хойд Каролинагаас сонгогдож байсан Бүгд найрамдах намын гишүүн/ нар гардан авчээ. 


Мөн сэтгүүлч, телевизийн хөтлөгч Фил Донахью, усан спортын тамирчин, олимпын аварга Кэти Ледеки, сансрын нисгэгч Эллен Очоа, одон орны физикч Жэйн Ригби болон бусад хүмүүс Америкийн Ерөнхийлөгчийн шагналыг хүртсэн байна.


Өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Медгар Эверс (1925-1963), сенатч Фрэнк Лаутенгберг (1924-2013), хөнгөн атлетикийн тамирчин Жим Торп (1887-1953) нарыг нэхэн шагнажээ. 


Эрх чөлөөний одонг анх 1945 онд Ерөнхийлөгч Харри Трумэн тулаанд онцгой амжилт үзүүлсэн хүмүүсийг шагнаж урамшуулах зорилгоор санаачлан бий болгожээ. 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди шагналын статусыг өөрчилж, АНУ-ын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, дэлхийн энх тайвныг хамгаалах, соёл болон нийгмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэ одонгоор шагнах болжээ. 


Холбоотой мэдээ