БУЛГАН: Ногоон хөгжил төслийн нэгжтэй ойн салбарт хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-17 10:28:46

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулахаар Булган аймаг Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжтэй ойн салбарт хамтран ажиллана.  

 

Булган аймгийн Хангал гол дагуу 56,3 га газарт 2.8 сая бургасны модожсон мөчрөөр тарилт хийхээр төлөвлөжээ. Мөн Хангал суманд байгуулах автомат хүлэмж бүхий Мод үржүүлгийн газарт талбайн зохион байгуулалт хийж, Булган аймгийн удирдлагуудтай ойн салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон ажиллаж байна.

 

Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийнхэн цагаан тоосны дэгдэлт бууруулах ажлын хүрээнд энэ хавар Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн эргэн тойрны 10 га талбайд 15000 мод тарихаар бэлтгэл хангаж байна.

 

Нийгмийн хариуцлагын амлалтаа шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэхийн тулд Монголд анх удаа Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, Хөрсний инновац, технологийн төвийг байгуулан амжилттай ажиллаж байна.

 

Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд үрийн чанар тодорхойлох, эрдэм шинжилгээний судалгаа гүйцэтгэх лабораторийн үйл ажиллагааг тогтворжуулах, тоног төхөөрөмж авах ажил өрнөж байгаа бол Хөрсний инноваци, технологийн төвд өргөтгөлийн барилгын засвар, агуулах, машины гарааш барих ажлыг Барилга засварын цех гүйцэтгэхээр бэлтгэл хангаж байна.

Холбоотой мэдээ