ДУНДГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6,4 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-16 18:42:38
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс 2024 оны нэгдүгээр улирлын хэрэглээний үнийн индексийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулан гаргажээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,4 хувиар өссөн байна.


Тухайлбал, хүнсний барааны үнэ 16,5 хувь, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодисын үнэ 6,1 хувь, гутал хувцас, бөс барааны үнэ 3,6 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 3,0 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 4,2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 4,6 хувь, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний үнэ 5 хувиар тус тус нэмэгджээ.


Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар тогтвортой байгаа ч бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжих үзүүлэлт ба нийт өрхөөр тооцон гаргадаг тоон үзүүлэлт юм.


Статистикийн хэлтсийн гаргасан мэдээгээр гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тус аймагт нэмэгджээ. 4 дүгээр сарын 15-ны байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрүүдэд нэгдүгээр зэргийн гурил дунджаар 2932, нэг литр сүү 6000, элсэн чихэр 4668, цагаан будаа 3953, хонины мах нэг кг нь 14500, ямааны мах 11000, нэг литр ингэний хоормог 16000 төгрөгөөр хэрэглэгчдэд хүрч байна.


Харин ноолуур өнгөрсөн оны 4 дүгээр сарын эхээр 120 000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 150 000 төгрөгөөр малчдаас худалдан авч байна. 

Холбоотой мэдээ