СЭЛЭНГЭ: Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн ажлын онцлогийг нийтэд сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-16 15:38:20

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жил бүрийн тавдугаар сард Дэлхийн эмч нарын өдөр, Олон улсын эх баригчдын өдөр, Олон улсын сувилагчдын өдөр зэрэг олон тэмдэглэлт өдрүүд тохиодог.

 

Энэ жил Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан. Эдгээр өдрүүдийг хэрхэн тэмдэглэх талаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн алба бүсийн ахлагч нар зөвлөлдөж, тодорхой төлөвлөгөө гаргажээ.

 

Тодруулбал, нэн түрүүнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн ажлын онцлогийг нийтэд сурталчилж ажиллахаар болсон байна.

 

Мөн “Энэ жилдээ-эрүүл жиндээ 2” аян, “Идэвхтэй алхалт”, “Зөв хоололт-Зохистой хэрэглээ”, “Эрүүл насжилт” хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулах. Алслагдсан айл өрхүүдэд гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг иргэд, ахмад настнуудыг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 

Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд “Судалгааны арга зүй” сургалт, “Эрдэм шинжилгээний хурал” болон сувилагчдын ур чадварын тэмцээнүүдийг үе шаттай зохион байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.  

 

Дээрх төлөвлөгөөт ажлууд өнөөдрөөс хуваарийн дагуу эхэлж байна.

 

 

Холбоотой мэдээ