ДУНДГОВЬ: "Прокурорын долоо хоног" үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-16 14:30:39
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор “Прокурорын 7 хоног” үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.


Тус ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн нийгмийн ажилтнуудтай уулзалт хийж, ахлах, дунд ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагч нарт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна.  


Тодруулбал, “Прокурорын 7 хоног” үйл ажиллагааны хүрээнд Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн суралцагчид, Мандал сургуулийн ахлах бүлгийн эцэг эхийн төлөөлөлд дээрх сургалтыг зохион байгуулж, 150 гаруй суралцагч, 60 иргэн оролцжээ.



Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай болон болгоомжгүйгээр учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг энэ төрлийн гэмт хэрэг гэдэг.  


Дундговь аймгийн Прокурорын газрын судалгаагаар 2023 онд тус аймагт гарсан 186 гэмт хэргийн дийлэнх буюу 56 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлжээ. Харин 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар Цагдаагийн газарт бүртгэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9,7 хувиар нэмэгдсэн байна.


Тиймээс хүүхэд залуучуудад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох хэрэгцээтэй байгааг сургуулийн нийгмийн ажилтнууд тодорхойлсны үндсэн дээр дээрх сургалтыг зохион байгуулж байгаа ба “Прокурорын 7 хоног” үйл ажиллагааны хүрээнд бусад сургуулийн ахлах ангийн сурагчдад мөн дээрх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ