БАЯН-ӨЛГИЙ: Ховд голын эрэгт далан барих ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-16 11:22:09

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын өнгөрсөн сарын 26-ны өдрийн хуралдаанаар үерийн уснаас хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд голын эрэг дагуу шинээр далан босгох, өмнө нь барьсан даланг сэргээн засварлах шийдвэр гаргаж, орон нутгийн төсвөөс 155 сая төгрөг хуваарилсан.


Тус шийдвэрийн хүрээнд Ховд голын дагуу 4.4 км газарт далан барих ажил энэ сарын 7-ны өдөр эхэлж, хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Барилгын ажлыг тус аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр анги гүйцэтгэж байна.


Ховд гол эх авдаг Монгол Алтайн нурууны өндөрлөг уулсад энэ жил цас их хэмжээгээр орсон тул усны түвшин эрс нэмэгдэх эрсдэлтэйг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулж байгаа. Иймээс аймгийн Засаг даргын 2024 оны 155 дугаар захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын баг байгуулан ажиллуулж байна.


Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өгсөн мэдээллээр Өлгий сумын 1, 4, 5, 9, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ховд голын эрэг дагуу үерийн далан барих ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. 

Холбоотой мэдээ