СЭЛЭНГЭ: “Ширхэнцэг” уулын домог

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-04-15 13:41:00

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Түүх бүтээсэн нэгэн зуун” сэдвийн хүрээнд тус сумын уул, устай холбоотой домгийг нийтийн хүртээл болгон цувралаар хүргэж байна. Энэ удаа Мандал сумын нутагт орших Ширхэнцэг” уулын тухай домгийг танилцуулъя.

 

Мандал сумын төв Зүүнхараа хотод баруун хойноос зүүн урагш чиглэн бараг нэг шугаман дээр тогтсон хоорондоо 3-6 км зайтай “Дууш”, “Ширхэнцэг”, “Хэрх” гэсэн нэртэй гурван уул оршдог. Энэ гурван уул нь хоорондоо холбоотой нэгэн домогтой ажээ.

 

Эрт цагт энэ нутгийн нэгэн жижиг уул “Хангай” хантай марган мөчөөрхөөд би жижиг боловч их уулын бүх шинж төрхийг агуулсан байтал энд намайг тоохгүй байна. Би ингэж том уулсын сүр, сүүдэрт дарагдаж гуниглаж байхаар говьд очиж хайрхан хэмээн нэрлэгдэж, хамаг олны анхаарлыг татаж, тахилга хүндлэл хүлээж байх минь... гээд эх газраасаа тасран өмнө зүг рүү хөдөлжээ.

 

Тэгэхэд нь "Хангай" хан явуулахгүй гээд зогсоож мөнөөх уул ч явна гэж зүтгээд зогсчхож гэнэ. Тэгэхдээ л орой бие нь урагш тэмүүлсэн байж. Сүүлдээ "Хангай" хан аргадаж цацал өргөж тайтгаруулсаар явах гэсэн тэмүүллийг нь мартуулжээ. Ингээд уул маань бэл хормой гэх юмгүй, цээж толгойтой, урагш тэмүүлж ширсэн янзаараа мөнх тогтсоноос энэ уулыг “Ширхэн цэг” гэж нэрлэжээ. Ширхэн гэдэг нь ширэх гэсэн үгнээс, харин цэг гэдэг нь цөг “боль, зогс, байг” гэсэн үгнээс гаралтай гэнэ.

 

Энэ тухай Б.Бямбасүрэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхэн товчоон номд бичиж үлдээжээ.

 

Холбоотой мэдээ