ДОРНОГОВЬ: "Итгэлтэй утас" эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-12 16:47:32

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотын ерөнхий боловсролын сургуулиуд “Итгэлтэй утас”-ыг ажиллуулаад багагүй хугацаа өнгөрчээ.


Сайншанд хотын ерөнхий боловсролын V сургуулийн үүдээр ороход “Итгэлтэй утас” тосон угтана. Хичээл дууссаны дараа гэрээсээ хол, утсаар ярих боломжгүй хүүхдүүд аав ээж, ах эгч рүүгээ итгэлтэй утсаар ярьж холбоо барьдаг. Сургуулийн хүүхдүүдийг эцэг эхтэй нь холбох гүүр болж буй эл утасны үйлчилгээ сурагчдад хамгийн их эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ болжээ.


Дээрх утсыг "Цахилгаан холбоо” ХК-ийн ажилтнууд сургуульд нь байршуулж, хүүхэд бүр гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих боломжоор хангасан байна.


Өдөрт дунджаар 20-30 хүүхэд утсаар ярьдаг бөгөөд утасны төлбөр сардаа 200-300 мянга орчим гардаг байна. Итгэлтэй утасны төлбөрийг сургуулийн захиргаанаас гаргадаг аж. Суурин утас байршуулаагүй үед хүүхдүүд “Утсаараа яриулаач, багш аа, ахаа, эгчээ” гэж их асуудаг байсан бол эдүгээ итгэлтэй утсыг ашиглан гэр бүлийнхэнтэйгээ түргэн хугацаанд холбоо барьдаг болжээ.

Холбоотой мэдээ