Э.Янжинлхам: Эцэг эх, асран хамгаалагч нар багштай зөвлөлдөж байх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-12 10:59:52

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөө үеийн хүүхдүүдийн хандлага, онцлог, нийгмийн харилцаанд оролцох оролцооны талаар Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн нийгмийн ажилтан Энхбат овогтой Янжинлхамтай ярилцлаа.


-Нийгмийн ажилтан мэргэжлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Өнөө үеийн хүүхдүүдийн харилцаа, хандлага, онцлогийн талаар хуваалцвал? 

-Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт “Бүлгийн удирдагч” багшаар 3 жил ажиллаад, Хүмүүн цогцолбор сургуульд Нийгмийн ажилтнаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Анх Хүмүүн цогцолбор бага сургуульд ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сараас ахлах сургуульд шилжин ажиллаж байна.


Орчин үеийн хүүхдүүд зан араншин болон өөрийгөө илэрхийлж байгаа байдал нь нээлттэй, мэдрэмтгий, аливаад шинийг санаачлан өөрчлөх хүсэл нь их, шинэлэг зүйлийг илүүд үздэг. Хүчээр, тулган шаардсан зүйлд дургүй бөгөөд хүссэн зүйлээ л хийдэг болсон нь онцлог санагддаг.


Хүүхэд бүрийн дотоод ертөнц, зан байдал, юмыг хүлээж авах мэдрэмж нь өөр өөр учраас аль болох тухайн хүүхдийн онцлогт нь тааруулан харилцахыг хичээдэг. Аль болох хүлээцтэй сонсож, санал бодлоо илэрхийлэх боломж олгоод тухтай ярилцаж ойлголцох арга барил ихэнхдээ ашигладаг.




-Таны ажлын өдрүүд ихэвчлэн яаж өнгөрдөг вэ? Сүүлийн үед сурагчдын дунд ямар бүтээлч ажлуудыг хийж байна?

-Суралцагчдад маань олон асуудал гардаг учраас өглөөнөөс орой хүртэл адал явдал, шинэ соргог зүйлсээр дүүрэн өнгөрдөг. Ихэвчлэн аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж, эцэг эх асран хамгаалагч нартай байнга зөвлөлддөг.  


Аливаа үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Сурагчдын дунд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх судалгааны ажил хийсэн бөгөөд судалгааны дүгнэлтийг харгалзан “Өв соёл-бидний дархлаа”, “Хайрлая, хүндэлье, хамгаалья” төлөвлөгөөт нөлөөллийн аяныг өрнүүлж байна. Мөн анги хамт олон дунд тоглоомын аргаар дамжуулан хамт олон төлөвшүүлэн нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.




-Сурагчдад тулгамдаж буй асуудлуудын судалгааны дүн хэр гарсан бэ? Асуудлууд нь юу байсан юм бол?

-Google forms ашиглаад Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 803 сурагчаас судалгаа авахаар төлөвлөсөн. Үүнээс 646 сурагч буюу 80 хувь нь оролцсон. Сурагчдад тулгамдаж буй асуудлууд нь хэвийн бус нойр, үе тэнгийн дээрэлхэлт, эцэг эх, асран хамгаалагчтай холбоотой асуудал, электрон тамхи, гар утасны хэрэглээ, харилцааны таагүй орчин байсан. Иймд эрүүл мэнд, амьдралын зөв хэв маяг, хорт зуршлын сөрөг нөлөө, цагийн хуваарилалт, харилцааны тухай сургалт нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөж байна. Уг судалгаанд үндэслэн “Хайрлая, хүндэлье, хамгаалья” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд видео бичлэгийн уралдаан, охидын ариун цэврийн булан ажиллуулах, ангийн дарга нарын зөвлөгөөн гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.




-Таны ажлаа хийхэд хамгийн их урам зориг өгдөг зүйл юу байдаг вэ? Амьдралдаа авч байсан болон өгч байсан хамгийн чухал зөвлөгөө юу байсан бэ?

-Гэр бүлийн дэмжлэг, хамт олон, найз нөхөд, ахмад багш нарын урмын үг их эрч хүч өгдөг. Мөн зохион байгуулсан ажлууд эерэг үр дүн үзүүлэх үед илүү их итгэлтэй байдал нэмэгддэг.

Хүн юу тарина түүнийгээ хураана. Хүнтэй яаж харилцаж, хандана хариу нь тийм л байна гэсэн үнэтэй зөвлөгөөг маш их авдаг. Үүнийг ч бас бусдад ойлгуулахыг хичээдэг.




-Нийгмийн ажилтан яагаад хэрэгтэй мэргэжил вэ? Таны мэргэжлийн сул болон давуу тал юу вэ?

-Хүүхдийн хамгаалал, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон үйлчилгээг үзүүлэн, хүүхдийн оролцоог дэмжсэн, хүүхдэд ээлтэй сургуулийн орчныг бүрдүүлэх чиглэлээр сургууль, гэр бүл, олон нийт, төрийн ба төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дуу хоолойгоо хүргэх үүрэгтэй мэргэжил гэж боддог.


Нийгмийн ажилтан байх нь алхам тутамдаа суралцаж, шинийг эрэлхийлж, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлж байдаг давуу талтай. Сургууль сэтгэлзүйчтэй болсон нь хийж байгаа ажлуудыг эерэг үр дүнтэй байхад нөлөөлж байна гэж бодож байна.



-Эцэг эхчүүд, багш, сурагчдад хандаад?

-Сургуульд сурагч, багш, эцэг эх гэсэн гурвалсан харилцаа бий. Багш, сурагч, эцэг эхийн хандлага ямар байх вэ гэдэгт гурван талаас оролцож байж үр дүн эерэг байх учраас сайн хамтрагчид байгаарай. Манай эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, анхаарал хандуулахгүй мөртлөө хүүхэд нь жаахан хүмүүжлийн доголдол гаргахад сургуулиас л алдааг хайж, болохгүй зүйлс суралцаж байгаа мэтээр ярьдаг. Үүний оронд ирж уулзаад хүүхэд нь ямар байгаа талаар асууж, багштай ярилцаж, зөвлөлдөж байх нь чухал байна.


Сүүлийн үед эцэг эхчүүд сургуулийг шүүмжлэх, тэрслэх үйлдлүүд нэмэгдсэн. Хүүхдийнхээ хүмүүжилд нь сайхан зүйлсийг хүсдэг л бол сургуулийн үйл ажиллагаатай заавал хамтран ажиллаасай гэж хүсэх байна. 


-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ