Хөрөнгө оруулалтын хуулиас гадаадын иргэнд газар ашиглуулах заалтыг хаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-11 15:31:16

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.


Хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь гадаадын иргэнд газрыг 60 жилээр ашиглуулах, цаашлаад дахин 40 жилээр сунгах заалттай холбоотой юм. Монгол Улсын иргэн хамгийн ихдээ 15 жилээр газар ашиглуулах, дахин сунгахтайгаа нийлээд 40, 50 жил ашиглуулж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Газар ашиглуулах тухай ингэж гадаад, дотоод иргэнээр ялгаатай зааглаж байгаа нь хууль зөрчсөн учраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан 12.1.1 хэсгийг хүчингүй болгосонд тооцсугай, 12.2 дахь хэсгийн газрын тухай хэсгийг хасах тухай өөрчлөлтийг П.Цэрэнпунцаг нарын гишүүд өргөн барьсан байна. Тэгвэл уг асуудлыг чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталжээ.


Хассан заалт: Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг Газрын тухай, Чөлөөт бүсийн тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Инновацын тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Хүчингүй болгосон заалт: Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно. 12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах.

Энэхүү хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашид гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах эрх зүйн орчингүй болж байна.


Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  


Санал хураалтад оролцсон гишүүдийн 22 нь дэмжиж, 51.2 хувиар саналаар дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг хуралдаанд орсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Холбоотой мэдээ