ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын ЗДТГ-аас цахим мэдээг хос бичгээр нийтэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-11 13:06:53

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон “Хүмүүн бичигтэн” аянд нэгдэж, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншихын зэрэгцээ найман удаагийн сургалт авч, үндэсний бичгийн мэдлэгээ дээшлүүллээ. 


Сургалт эхлэхийн өмнөх түвшин тогтоох сорил авахад 15 албан хаагч дунд шатны, 35 нь анхан шатны мэдлэгтэй гэж байсан бол мэргэжлийн багшаас сургалт авснаар үндэсний бичгээ сэргээн санах, бататгах, уншлагаа сайжруулах, компьютерын хэрэглээний программ дээр бичиж сурах чадвартай болжээ. Сургалтад идэвхтэй оролцож, амжилт гаргасан суралцагчдад батламж гардуулжээ.


Үндэсний монгол бичгээр уншиж, бичиж сурахаас гадна цахим хэрэглээнд нэвтрүүлж суралцах шаардлага тулгарч байгаа гэдгийг албан хаагчид хэлж байв.


Мөн аяны хүрээнд өөрийн байгууллагын болон багийн төвүүдийн гадна, доторх хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг стандартын дагуу монгол бичгээр бичих, албан хэргийн хэвлэмэл хуудсыг хос бичгээр бичих зэрэг ажлыг өрнүүлж байгаа ба 52 албан хаагч “Хүмүүн бичиг” сониныг захиалаад байгаа юм.


Нэг онцлог ажил нь байгууллагын бодлого, шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цахим сүлжээнд хос бичгээр нийтэлж эхэлжээ. 


Холбоотой мэдээ