ӨВӨРХАНГАЙ: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход манлайлж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-10 15:58:21

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Хангайн бүсийн сургалтыг Өвөрхангай аймагт энэ сарын 10, 11-ний өдөр зохион байгуулж байна.


Сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 40 гаруй төрийн албан хаагчид оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, ойлголт авч байгаа ба орон нутгийн бодлого, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах, цаашид аймгийнхаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хамтран оролцоно.


Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог.  Ган, зуд, шороон болон цасан шуурга, ой, хээрийн түймэр зэрэг гамшигт үзэгдлийн давтамж жил бүр нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 78.2 хувь нь дундаас дээш эрчимтэй цөлжилтөд өртсөн нь хөдөө, орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. 


Иймд уур амьсгалын өөрчлөлтийн эерэг болон сөрөг нөлөөлөл, таагүй үр дагаврыг орон нутгийн хэмжээнд судалсны үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг авч, хөгжлийн бодлого, хөтөлбөр төлөвлөгөөтэйгээ уялдуулан хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. 


Өвөрхангай аймаг нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхэд бусад аймгийг манлайлах зорилтыг дэвшүүлж, Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын баг байгууллаа. Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байна.

 

Холбоотой мэдээ