Мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг яамдад хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-10 14:48:11

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Журам батлах тухай” Засгийн газар 2024 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг бүх яамдад хүргүүлэв. 


Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор баталсан журмын хүрээнд боловсролын салбарын 14 272 багш, ажилтанд энэ онд улсын төсвөөс 105.4 тэрбум төгрөг олгох төсөв батлагдсан. Энэхүү журамд мөнгөн тэтгэмж авах шалгуур, тасралтгүй ажилласан хугацааг тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн журмын төсөлд өгсөн саналын дагуу боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтны тасралтгүй ажилласан хугацаанд хүүхдээ асрах чөлөөний 36 хүртэлх сарын хугацааг оруулахгүй байхаар анхны журмын төслийг өөрчлөн Засгийн газраар батлуулсан. 


Гэтэл энэхүү журмын 2.5 дахь хэсгийг дахин эргэн харах, нийт албан хаагчдын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг салбарын онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэх, ялгавартай байдал үүсгэхгүй байх талаар санал, гомдлыг багш нарын мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл болон орон нутгийн албан хаагчдаас удаа дараа салбарын яаманд ирүүлжээ. 


Иймд "Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш нар, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашгийг зөрчсөн тул “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын өөрчлөлтийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор баталсан журмын 2.2.9 дэх хэсэгтэй ижил 12 сар хүртэлх хүүхэд асрах чөлөөний хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцуулахаар өөрчлөн найруулсан байна. 


Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад нийгмийн салбарын албан хаагчдад тасралтгүй ажилласан хугацааны мөнгөн тэтгэмж олгох талаар өмнө нь гарсан, хэрэгжиж буй журмуудыг нэг мөр цэгцлэх, нэг ижил шалгуур тавьдаг байх талаар холбогдох арга хэмжээ авч, нэгдсэн байдлаар шийдвэрлэн, тэгш боломж бүрдүүлэх зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг илгээжээ. 


Холбоотой мэдээ