ДОРНОГОВЬ: Удам дамжсан малчин Г.Ууганбаяр өвлийг өнтэй давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-10 12:49:57

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын малчин Галсаншадавийн Ууганбаяр мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, 2017 онд "Улсын аварга малчин", энэ онд Улсын хошой аварга малчин” тус тус болсон билээ.


Түүнд улсын хошой аварга малчны шагналыг УИХ-ын гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд гардуулжээ. Энэ жил манай улсын нийт нутгаар цас их орж хүйтэрснээс зарим газар зуд болж бэлчээр хомстон малын хорогдол ч их гарсан. Харин Хөвсгөл суманд цаг агаар сайхан байсан тул тэдний хот айл өвлийг хохиролгүй давсан байна.


Тэрбээр "Манайх 2000 гаруй малтай. Сумын төвөөс урагш 50 км-ийн зайд Улаан дэл гэдэг газар өнтэй хаваржиж байна. Өнгөрсөн өвөл манай нутагт цаг сайхан байлаа. Малын хорогдол ч гараагүй. Энэ хавар нийт 400 гаруй төл авна.Одоогоор 200 гаруй төл аваад байна" гэв.


Г.Ууганбаяр 
малаа өсгөж, чанарыг нь сайжруулахын тулд үүлдэр угсааг сайжруулах, малын өвчин эмгэгээс сэргийлэх, хашаа хороо, худаг усыг хүртээмжтэй гаргах, төллөх болон сувай малаа ялгаж хариулахад ихээхэн анхаардаг байна. Харилцаа холбоо хөгжсөн энэ үед ган, зуд гээд байгалийн болзошгүй үзэгдэл, цаг улирлын байдлыг өвөг дээдсийн уламжлалт ажиглалтаас гадна мэдээллийн бусад сувгаас олж мэдэн ажил амьдралдаа хэвшил болгож чаджээ.


Мөн нутгийн малчдын амьдралд тус дэм болох зорилгоор залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сургаснаас гадна 30 гаруй айлыг малжуулжээ. Малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулжээ. Түүний аав Н.Галсаншадав Монгол Улсын гавьяат малчин, төрсөн дүү Г.Уламбаяр Монгол Улсын аварга малчин тус тус болж байв.

 


Холбоотой мэдээ